Sunday, November 17, 2013

grammar-454

ҮГЗҮЙ
ХЭЛЗҮЙ, ТҮҮНИЙ СУДЛАХ ЗҮЙЛ
Хүн төрөлхтний хэл нь тодорхой тооны нэгж хэсгүүдээс бүрдэх бөгөөд тэдгээр нь нарийн зүй тогтлоор холбоотой бүхэл бүтэн дохионы тогтолцоо юм. Ийм нарийн тогтолцоотой хэлний нэгжүүд нь нэг нь нөгөөтэйгөө эсрэгцэхийн зэрэгцээ бас биө биеэ нөхөж, давхарлан шаталж тогтсон байдаг. Өөрөөр хэлбэл, дээд түвшний нэгж нь доод түвшний нэгжээ багтаасан, доод түвшний нэгж нь дээд түвшний нэгждээ баггсан шинжтэй байна. Жишээлбэл, авиалбар, бүтээвэр, уг холбоо үг, өгүүлбэр, эх(цогцолбор) нь хэлний үндсэн нэгжүүд бөгөөд ( авиалбар нь бүтээврийн бүтцэд оролцож хүртэгдэх, утга ялгах үүрэгт хэлний хамгийн бага материаллаг нэгж болно. Бүтээвэр нь үг бүтээх ба хувилгах үүрэгтэй хэлний хамгийн бага утгат нэгж, үг нь холбоо үгийг бүтээх үүрэгтэй хэлний нэрлэлтийн нэгж, холбоо үг нь өгүүлбэр бүтээх үүрэгтэй хэлний нэрлэлтийн дэлгэрэнгүй нэгж, өгүүлбэр тодорхой үйл явдлыг илэрхийлэх, нэрлэх, мэдээлэх, харилцах үүрэг хэлний харилцааны бага нэгж, эх (цогцолбор) нь тодорхой хэрэг явдлын  тухай мэдээлэх, харилцах үүрэгтэй харилцааны дээд түвшний нэг болно. Хэлний нэгжүүдийн гол цөм нь үг бөгөөд хэлний аль ч салбар үгийг олон талаас нь өөр өөр зорилгоор судалдаг. Үүнээс шалтгаалан хэл шинжлэлд авиа зүй, авиалбар зүй, бүтээвэр зүй, үг бүтэх ёс, хэлзүй үгсийн сангийн судлал, нэр зүй зэрэг салбар ухаанууд үүсчээ.
read more 

Хэлний хэлзүйн байгууллыг судлах хэлшинжлэлийн салбар ухаан хэлзүй буюу грамматика гэнэ. Энэ нэртомъёо нь grammatike techne буюу «бичиг үсгийн урлаг» гэсэн герег үгнээс гаралтай. Хэлзүй байгуулал гэдэг нь хэлэхийн явцад тухайн хэлний үгс бүтэх, хувилах харилцан холбогдож холбоо үг, өгүүлбэр, эх(цогцолбор) бүтэх тогглын цогцсыг хэлнэ. Тэгвэл хэлзүй гэдэг нь хэлний үг бүтэх, хувилах, холбоо үг, өгүүлбэр, эх(цогцолбор) бүтэх хэв шинж, зүй тогтлыг судлах хэлшинжлэлийн салбар ухаан юм.
Хэлзүйн үндсэн нэгж нь холбоо үг, өгүүлбэрийн бүтцэд харьцаанд орсон хэлзүйн үг юм. Хэлзүйд хэлзүйн үгийн бүтэц, утга, үүргийг харилцан холбоотой авч үзнэ. Үгс хэлзүйн дотоод зүй тогтлоор харилцан холбогдож бүхэл бүтэн мэдээллийг дамжуулна. Жишээлбэл,” Амжилттай хүмуүжүулэхийн нууц нь шавиа хүндэтгэхэд оршино.» энэ өгүүлбэрийн бүтцэд орсон үгс нь хэлзүйн хэлбэр, байрлалын нарийн зүй тогтлоор холбогдож, нэгэн төгс нийлмэл дохио болсон байна.
Монгол хэлний зүйн дорно дахины уламжлал нь Паниний хэлзүйтэй холбоотой бөгөөд энэ уламжлалаар буюу Энэтхэг-Төвдийн уламжлалаар бичсэн анхны хэлзүй нь XIII зуунд Сажа бандида (Гунгаажалцангийн зохиосон «Зүрхэн тольт», өрнө дахины уламжлал иь Александрын хэлзүйтэй холбоотой бөгөөд энэ уламжлалаар буюу Ром-Европын  уламжлалаар бичсэн анхны хэлзүй нь Я.Шмидтийн 1831 бичсэн «Монгол хэлний зүй» гэж үздэг.
Хэлний зүйн хууль зүй тоггол нь зөв бичих дүрэмтэй адил зохиомол зүйл биш  харин хэлийг хэрэглэгчээс үл хамаарах объектив зүйл юм. Хэрэглэгч хүн дураар өөрчилж, засч болдоггүй байгалийн хуультай адил байдаг. Үүнийг нээн олж, мэдэх зорилгоор хэлзүйн судлал үүссэн байна. Хэлзүйг судлах зорилгоор нь хэд хэд ангилж болно. Жишээлбэл, ямар нэгэн хэлний хэлзүйн байгууллыг тухайн нэг хам цагт тодорхойлох, эсвэл түүхэн хувьслыг тайлбарлах, ойр ба холын төрөл хэлтэй харьцуулах, төрөл бус хэлтэй зэрэгцүүлэх зэрэг олон аргаар судалдаг. Үүнээс үндэслэж тодорхойлох хэлзүй, журамлах хэлзүй, түүхэн хэлзүй, харьцуулсан хэлзүй, зэрэгцүүлсэн хэлзүй, товчоолох хэлзүй, бүтэц хэлзүй гэх мэтээр ангилна.
дотроо судлах зүйл, зорилго, агуулгаараа ялгаатай үгзүй, өгүүлбэрзүй гэсэн хоёр салбар ухаанд хуваагдана. Үгзүй нь хэлзүйн үгийг хэлбэр, бүтцийн талаас нь утгатай холбож судалдаг бол өгүүлбэрзүй нь хэлзүйн үгийн үүрэг, харьцааг хэлбэр, утгын нэгдэлд нь суурилж судалдаг.
Үг зүй, өгүүлбэрзүй хоёр нь хэлзүйн үгийг өөр өөр талаас нь судалдаг боловч
нэг нь нөгөөгүйгээр хэлний хэлзүйн байгуулал, түүний дотоод зүй тогтлыг бүрэн нээж чадахгүй салшгүй холбоотой байдаг.
Хэлшинжлэлд хэлний хэлзүйн ерөнхий эүй тогтлыг онолын үндсэн ойлголтуудыг сайн мэдэхгүйгээр ямар ч үзэгдлүүдийг ухамсартай ойлгож, зөв тайлбарлаж үндсэн ойлголтуудад хэлзүйн утга, түүнийг илрүүлэх хэлбэр, хэлзүйн ай зэрэг орно.
Хэлзүйн утга. Үг тус бүрийн үгийн сангийн бодот утгаас гадна хэсэг бүлэг үгэнд байдаг төрөл бүрийн харьцаа заах хийсвэр утгыг хэлзүйн утга гэнэ. Үгэнд үгийн сангийн ба хэлзүйн утга байдаг бөгөөд утга нь бодот ертөнцийн юмс үзэгдэл, тэдгээрийм хэмжээ, үйл хөдлөл, орон байр, цаг хугацааг зааж тухайн үгийг бусад үгээс ялгаж байдаг бол хэлзүйн утга нь нэг үгэнд биш байдаг ерөнхий хийсвэр утга юм. Үүнийгхарьцааны утга ч гэж нэрлэдэг. Үгийн сангийн утга нь салангид юм үзэгдлийг тэмдэглэдэг бол хэлзүйн утга нь тэдгээр юмс үзэгдлийн хоорондын харьцааг илэрхийлнэ. Үгийн сангийн утга, хэлзүйн утга хоёрын ялгааг тодруулбал:Нэг үгэнд нэг л үгийн сангийн утга байна. Хэлзүйн нэг үгэнд хэдэн хэлзүйн утга байж болохоос гадна хэд хэдэн үгэнд нэг хэлзүйн утга байж болно. Жишээлбэл, «Ч.Жигмэд ерөөл, магтаалуудаараа алдаршсан хүн.» гэсэн өгүүлбэрт байгаа таван үгэнд 5 үгийн сангийн утга байна. Гэтэл ерөөл, магтаал гэсэн хоёр үйлдэхийн тийн ялгал, эзэнд хамаатуулах зэрэг хэлзүйн 3 утга байна. Мөн Ч.Жигмэд, хүн гэсэн хоёр үгэнд ганц тоо, нэрлэхийн тийн ялгалын хэлзүйн утга тус бүрд нь байна.
Хэлзүйн хэлбэр. Хэлзүйн утгыг илэрхийлж байгаа хэлний хэрэглүүр илрэлийг хэлзүйн хэлбэр гэнэ. Хэлзүйн утга нь нөхцөл, туслах үг, давталт, өргөлт зэрэг хэлзүйн ил бодтой хэлбэрээр илрэхээс гадна хоосон (тэг) хэлбэрээр ч илэрч болно. Жишээлбэл, номнуудаасаа гэсэн хэлзүйн үгэнд олон тоо, гарахын тийн ялгал, эзэнд хамаатуулах гэсэн 3 утгыг илрүүлж байгаа -ууд, -аас, -аа гэсэн нөхцөл, уншиж байна гэсэн хэлзүйжсэн холбоо үгэнд одоо цагийн утга
илрүүлж байгаа /ж+байна/ гэсэн туслах үг бүхий задлаг хэлбэр, явж ирлээ гэхэд тасратгүй  үргэлжпэх байдлын утга илрүүлж байгаа давталт зэрэг хэлзүйн хэлбэр, Чи номоо унш. гэсэн өгүүлбэрт орсон Чи гэсэн 1 тоо,  нэрлэхийн тийн ялгалынутга, ном-гэсэн үгэнд 1 тоо, заахын т.я утга, унш- гэсэн үгэнд өөрөө үйлдэх, энгийн үйлдэх хэв, 2 биед шууд захирах зэрэг утга тус бүр байна.
Хэлзүйн арга. Хэл шинжлэлд хэлзүйн утга, хэлбэр хоёрын нэгдлийг хэлзүйн арга гэж тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, хэлзүйн утгыг илрүүлж илэрхийлж байгаа хэлбэрийг хэлэнд яаж ашиглах нь аргад хамаарна. Хэлзүйн утгыг илэрхийлэхдээ үгийн үндсэнд нөхцөл залгах, туслах үг дагуулах, үг давтах, өргөлтөөр ялгах, үгийн дэс дарааг өөрчлөх зэрэг төрөл бүрийн аргыг хэрэглэнэ. Хэлүйн  үндсэн аргыг хэв шинжээр нь нийлэг ба задлаг арга гэж ангилна. Нийлэг арга гэдэг нь нэг үгийн бүтцийн хүрээнд хэлзүйн утга илрүүлэхийг хэлнэ. Жишээлбэл, залгаварын арга, дотоод нугаралт буюу авиа сэлгэх арга, өргөлтийн арга, нөхөн орлуулах  арга гэх мэт. Задлаг арга нь хоёр ба түүнээс дээш үгийн бүтэцийн хүрээнд хэлзүйн утга илрүүлэх арга юм: туслах үг дагуулах, (ялгац гишүүн, угтвар үг, дагавар үг, холбох үг, чимэх үг) үгийн дэс дарааллыг өөрчлөх буюу байршлын арга, аялгын арга зэрэг хамаарна.
Хэлзүйн ай. Нэг төрлийн ерөнхий хийсвэр харьцаа зааж байгаа хоёр ба түүнээс дээш харилцан эсрэгцсэн хэлзүйн утгуудын нэгдэл(цогцос)-ийг хэлзүйн ай гэнэ. Өөрөөр хэлбэл, хэлзүйн хоёр ба түүнээс дээш хэд хэдэн утга нэг төрлийн харьцаа заах шинжээрээ хэлзүйн нэг айд нэгдэнэ. Жишээлбэл, ганц тоо, олон тоо гэсэн хоёр утга нь тооны харьцаа заах шинжээрээ тооны айд, одоо цаг, өнгөрсөн цаг, ирээдүй цагийн гурван утга нь цагийн харьцаа заах тул цагийн айд, нэрлэх, харьяалах зэрэг найман тийн ялгалын утга нь жинхэнэ нэрийг бусад үгтэй холбох харьцаа заах тул тийн ялгалын айд тус тус хамаарна. Хэл бүрт хэлзүйн ай байдаг боловч тухайн хэлний хэлзүйн байгууллын онцлогоос шалтгаалж, тооны хувьд харилцан адилгүй байна. Хэлзүйн ай бол түүхэн үзэгдэл учраас үүсэн бий болж, төгс төгөлдөр болон хөгжиж, зарим нь хэлний хөгжлийн явцад утга, үүрэг нь суларч гээгдэн үгүй болж байдаг ажээ. Орчин цагийн монгол хэлэнд:
1.    жинхэнэ нэрийн тоо
2.    тийн ялгал,
3.    хамаатуулах,
4.    тэмдэг нэрийн утга эрчимжүүлэх, бууруулах харьцуулсан зэрэг,
5.    үйл үгийн хэв,
6.    үйл үгийн байдал,
7.    үйл үгийн цаг,
8.    үйл үгийн төлөв,

9.    биеийн зэрэг хэлзүйн ай байна.

No comments:

Post a Comment